Wednesday, February 18, 2009

Б.Цолмонтуяа : Ааваа үгүйлнэ

Айлын заяанд уул шиг өмөг

Алагхан үрсдээ үүрдийн домог

Аав минь би сайхан таныхаа

Асрал хайрыг үгүйлэх юм

Таныгаа тал шиг тэнүүн гээд

Таана шиг сургаалыг тань амтлах сан Өөртөө итгэж амьдрахын заяанд

Өмөг тань дандаа үгүйлэгдэх юм

Хурмаст шиг таныгаа уудам гээд

Хур шиг сургаалыг тань хүртэх сэн

Эрээнтэй амьдралын бартаат замд

Эцгийн минь түшиг үгүйлэгдэх юм

Амьдралд ойртож ухаажих бүр

Аавын минь зай эзгүйрэх юм

Алслан холдох таны минь дүр

Ахиад л тодроод ирэх шиг болох юм

Зүүрмэглэх төдий бяцхан агшинд

Зүүдэлж тантай ярих юм

Зүйдэлгүй тэнгэрт одтой шөнөөр

Зөнд минь та ирж үнсэх шиг болох юм

Намхан бор гэрт минь гэгээ хурах үүлээр

Нэрээр минь дуудан сэрээх шиг болох юм

Нас нэмэгдэж жил улирах бүр

Надтайгаа та ирж золгох шиг болох юм

Хойших ирээдүйгээ бодож амьдралд дөхөх бүр

Хайр энэрэл сургаал бүхнийг тань үгүйлэх юм

Хатуухан хорвоод гомдож нулимс унагах бүр

Хан уул шиг та минь зүрхэнд мөнхрөх юм

No comments: